Спорт · Олон нийтийн арга хэмжээ
Монгол үндэсний бөхийн Европын аварга шалгаруулах III тэмцээн Мюлүз хотод амжилттай болж өндөрлөлөө
2026 оны 11 дүгээр сарын 7–8-нд Францын Мюлүз хотод Монгол үндэсний бөхийн Европын аварга шалгаруулах “Hakuho Cup – EURO 2026” III тэмцээн зохион байгуулагдлаа. AMGEF холбоо тус арга хэмжээнд уригдан оролцов.

2026 оны 11 дүгээр сарын 7–8-ны өдрүүдэд Франц улсын Мюлүз (Mulhouse) хотод Монгол Улсын Дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит цомын төлөөх Монгол үндэсний бөхийн Европын аварга шалгаруулах “Hakuho Cup – EURO 2026” III тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээний онцлох үйл явдлын нэг нь Дархан аварга Ж.Мөнхбатын хүү, Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Д.Даваажаргал өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсон явдал байв.
Тэмцээнд Европын улс орнуудад ажиллаж, амьдарч буй монголчууд хүрэлцэн ирж, үндэсний бөхийн өв уламжлал, спортын үнэ цэнийг хамтдаа сурталчилсан өргөн хүрээний арга хэмжээ боллоо.
AMGEF холбоог урин оролцуулж, үйл ажиллагааг нь дэмжсэн зохион байгуулагчдад гүн талархал илэрхийлье.
Түүнчлэн хоёр өдрийн турш идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлсэн Гранд-Эст бүс нутгийн нийт монголчууддаа баярлалаа.
Тус тэмцээнийг зохион байгуулсан Монголын Үндэсний Бөхийн Холбооны Европ дахь салбар холбоо болон Эльзасын Монгол шагайн харвааны холбоонд AMGEF холбооны зүгээс талархал илэрхийлж байна.
Арга хэмжээний үеэр AMGEF холбооны дэргэдэх Унагалдай Монгол хэл, өв соёлын сургуулийн үйл ажиллагааг Мюлүз хотод өргөжүүлэн, шинэ салбар нээхээр төлөвлөж буйгаа мөн танилцууллаа.
Энэ нь Францын Гранд-Эст бүс нутгийн монгол хүүхдүүдэд эх хэл, өв соёлоо суралцах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дараагийн чухал алхам юм.
Монгол үндэсний өв соёл, спорт, эв нэгдлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан нийт оролцогчид, зохион байгуулагчид болон дэмжигчиддээ дахин талархал илэрхийлье.
AMGEF — Францын Гранд-Эст бүс нутгийн Монголчуудын холбоо

