Боловсрол · Соёл
Унагалдай сургууль 2026 онд үйл ажиллагаагаа сэргээн эхлүүллээ
AMGEF холбооны дэргэдэх Унагалдай Монгол хэл, соёлын сургууль 2026 онд Рейхштетт хотод үйл ажиллагаагаа сэргээн эхлүүлж, хүүхдүүддээ эх хэл, өв соёлоо өвлүүлэх сургалтаа үргэлжлүүлж байна.

Францын Гранд-Эст бүс нутгийн Монголчуудын холбоо (AMGEF)-ны дэргэдэх Унагалдай Монгол хэл, соёлын сургууль 2026 онд Рейхштетт (Reichstett) хотод үйл ажиллагаагаа сэргээн эхлүүллээ.
Анх 2019 онд байгуулагдсан тус сургууль нь Франц улсад өсөж торниж буй Монгол хүүхдүүдэд эх хэлээ сурах, үндэсний түүх, соёл, уламжлалаа танин мэдэх боломж олгох зорилготой юм.
Сургуулийн үйл ажиллагаа 2019–2021 онд Страсбург болон Мюлүз хотуудад хэрэгжиж байсан бөгөөд цар тахлын үеэр түр завсарласны дараа 2026 онд дахин сэргэжээ.
Сургуулийн дахин нээлтийн арга хэмжээнд 23 хүүхэд болон тэдний гэр бүл оролцсон бол өдгөө 30 хүүхэд бүртгүүлэн суралцаж байна.
Унагалдай сургууль нь Монгол хэлний унших, бичих, ярих чадварыг хөгжүүлэхээс гадна хүүхдүүдийг үндэсний өв соёлтой нь ойртуулж, гэр бүлүүдийн хоорондын харилцаа, нөхөрлөлийг дэмжихийг зорьдог.
Энэхүү сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй эцэг эхчүүд, багш нар, сайн дурын оролцогчид болон дэмжигч байгууллагууддаа AMGEF холбооны зүгээс талархал илэрхийлье.
Эх хэлээ өвлүүлж, өв соёлоо түгээж, ирээдүй хойч үеэ хамтдаа дэмжицгээе.
Унагалдай сургуулийн тухай
